Дорнод аймгийн прокурорын газраас 2022 оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээг авсан байна.
Тодруулбал, дээрх хугацаанд тус аймагт нийт 354 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас Хүчиндэх гэмт хэрэг 6 буюу 1.6 хувийг эзэлж байна. Үүнээс 5 нь Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг байгаа тул аймгийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэн Дорнод аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны даргад болон Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдэгдэл хүргүүлжээ.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг нь гол төлөв гэр бүл, найз нөхөд, танил талын хүрээнд, согтуугаар үйлдэгдэж байгаа бөгөөд ихэвчлэн 25-47 насны хүмүүс энэ төрлийн хэрэгт холбогдсон байна. Мөн бага насны болон өсвөр насны хүүхдэд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтны зүгээс тавих хараа хяналт, анхаарал халамж сул байгаа нь гэмт хэрэг үйлдэгдэх нэг шалтгаан нөхцөл болж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар