ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

A- A A+
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ХАМГААЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Дорнод аймгийн прокурорын газраас санаачлан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр аймгийн засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн засаг дарга Ш.Ёл, аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга, аймгийн засаг даргын орлогч Ч.Ганбат, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, бусад гишүүн байгууллагуудын нийт 15 байгууллагын 130 албан тушаалтан, алба хаагч нар оролцлоо.

Тус сургалт, хэлэлцүүлэгт аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандорж “Дорнод аймгийн хэмжээнд 2023-2025 оны байдлаар хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон нөхцөл байдал”-ын талаарх судалгаа, тоон үзүүлэлтийг танилцуулж, хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хамгаалах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Мөн тус арга хэмжээнд Монгол Улсын гавьяат багш, хүүхэд, гэр бүл судлаач, доктор, дэд профессор Х.Баавгай оролцож “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, үйлчилгээний арга зүй” сэдвээр сургалт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхэд хамгааллын үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар мэдээлэл өглөө.

Хэлэлцүүлгийн үр дүнд мөрдөн шалгах байгууллага, прокурорын байгууллага хүүхэд хохирсон, холбогдсон хэргийг түргэн шуурхай шалгах, шийдвэрлэх, хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон, хүүхэдтэй зөв харилцах арга зүй эзэмших, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах, олон улсын гэрээ, конвенцыг баримтлах, хүүхдэд ээлтэй, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвших, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх анхаарч ажиллахаар нэгдсэн шийдэлд хүрч, үр дүнтэй сургалт, хэлэлцүүлэг болж өнгөрлөө.