Прокурорын байгууллагаас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж буй “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд олон нийтийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээнүүдээс гадна хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, байгаль экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхэд анхаарч байна.
Дорнод аймгийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс тоймлон хүргэж байна.
- П.Б, Х.Г нарын нэр бүхий 8 хүн бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт техник хэрэгсэл ашиглан, зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, 1 тонн 199 килограмм 300 грамм ашигт малтмалын шороо олборлож, байгаль орчинд 13 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах)-т зааснаар, мөн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайлах үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт (хулгайлах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс шүүгдэгч нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5.4 саяас 8 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, олборлосон 72 грамм алт, байгаль орчинд учирсан хохирол 13 сая төгрөг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.7 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Улсын Ерөнхий Прокурорын Газар